Робоконы амжилтуудаас
2018-04-22
МУИС-ийн мэдлэгий граф
Их сургуулийн өгөгдлийн нэгтгэлд онтологи хөгжүүлж ашиглах нь
2022-04-15

Өгөгдлийн шинжилгээний судалгааны магистрын бүтэн тэтгэлэгт хөтөлбөр

data analytics

Таныг 1.5 жилийн судалгааны магистрын бүтэн тэтгэлэгт хөтөлбөрөөр Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Машин оюуны лабораторид суралцахыг урьж байна.

Энэ хөтөлбөрөөр суралцагч нь уул уурхайн баяжуулах үйлдвэрлэлд их өгөгдлийн шинжилгээг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхэд шаардлагатай машин сургалтын загвар боловсруулах ажилд оролцоно.

МУИС-ийн Машин оюуны лабораторийн Мэдлэг ба өгөгдлийн инженерчлэлийн судалгааны баг нь Оюу толгой компанитай өгөгдлийн шинжилгээ, машин сургалтын чиглэлээр сүүлийн үед эрчимтэй хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд компьютерийн ухааны чиглэлээр магистрын бүтэн тэтгэлгийг дотооддоо зарлаж байна. Тэтгэлэг хүртэгч нь металлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд бүтээмж, металл авалтын хэмжээг оновчлоход зориулсан өгөгдлийн шинжилгээний төсөлд оролцож ажиллах юм. Үүнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

  • Эрдэм шинжилгээний хуралд илтгэх, өгүүлэл хэвлүүлэх;
  • Өгөгдлийг бэлтгэж боловсруулах;
  • Машин сургалтын загвар боловсруулж туршилт хийх;
  • Өгөгдлийн шинжилгээний төслийн багт ажиллах, тайлагнах;
Тэтгэлэгт тавигдах ерөнхий шаардлага:
  • Компьютерийн ухаан, мэдээллийн технологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй;
  • Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх;
  • Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх;
  • Давхар ажил эрхлэхгүй, бүтэн цагаар сурч ажиллах боломжтой байх;

Хүсэмжитшаардлага (давуу тал болно):

  • Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж байсан;
  • Python, Java, R, Scala хэлний мэдлэг, туршлагатай;
  • Машин сургалтын ажил гүйцэтгэсэн (scikit-learn, pyTorch, Apache Spark, Keras … санг ашиглаж байсан) туршлагатай;

Суралцах хөтөлбөр: МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн Мэдээллийн технологи (E0613040) хөтөлбөрөөр суралцана. Сургалтын хөтөлбөрийг  http://seas.num.edu.mn/dep/ics/training/master/11/detail/ хаягаар орж танилцана уу.

Тэтгэлгийн хэмжээ: Магистрын сургалтын 30 багц цагийн төлбөр, сарын амьжиргааны тэтгэлэг 800,000 төгрөг (ойролцоогоор сургалтын төлбөр 4.143 сая, амьжиргааны тэтгэлэг 14.4 сая, нийт 18.543 сая төгрөг)

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт: Тэтгэлгийн шалгаруулалтыг дараах хоёр үе шаттай зохион байгуулж олгоно. Үүнд:

  1. Тэтгэлэг горилогчдын бичсэн эсээг үндэслэн хоёр дахь шатны шалгаруулалтад орох горилогчдын жагсаалтыг гаргана.
  2. Сонгон шалгаруулах баг жагсаалтад багтсан горилогчидтой ярилцсан дүгнэлтийг үндэслэн шалгаруулж тэтгэлэг олгоно.

Бүрдүүлэх бичиг баримт:

  1. Монгол хэлээр бичсэн “Би яагаад энэ тэтгэлэгт тохирох вэ?” сэдэвтэй эсээ
  2. Намтар (Europass CV форматаар, Монгол хэлээр)
  3. Шаардлагыг хангаж буйг нотлох баримтын хуулбар

Бүрдүүлсэн бүх баримтаа нэг файлд нэгтгэн PDF форматаар 2019-06-17-ны дотор amarsanaag (ат) seas.num.edu.mn и-мэйл хаягаар (cc: lodoiravsal (ат) num.edu.mn) ирүүлнэ үү. И-мэйлийн гарчгийг (subject) “МОЛ тэтгэлэг: [Өөрийн нэр]” гэж нэрлэнэ. Илгээх файлын нэрийг [өөрийн_нэр.pdf] гэж өгнө үү. Сонгон шалгаруулалтын 2 дахь шатанд тэнцсэн горилогчид и-мэйлээр 6 сарын 24-ны дотор хариу мэдэгдэнэ.

Comments are closed.